samedi 28 août 2010

Эхнэртэй болох, гэр бүлтэй байх гэдэг нь эдийн засгийн талаас маш ашигтай

Анхны мэдээлэл нэг иймэрхүү мэдээлэл тавьж байна. Эхэн үедээ хэрэгтэй мэдээлэл та бүхэндээ хүргэж чадахгүй бол хүлцэл өчий. Тиймээс энд тэндээс хэрэг болж магад гэсэн мэдээг нэг хэсэгтээ оруулах байх.
Франц улс өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй орон бөгөөд эдийн засаг нь номиналь ҮНБ-ний хэмжээгээрээ дэлхийд зургаад, худалдан авах чадварын паритетаар тооцсон ҮНБ-рээ наймдугаарт жагсдаг. Францын ажиллах хүчин 2007 оны 3-р улирлын байдлаар 27.929 сая байгаагаас үйлчилгээний салбарт 74.7%; аж үйлдвэр ба худалдаанд-22.0%; хөдөө аж ахуйд-3.2% нь ажил хөдөлмөр эрхэлж байна.
Ийнхүү та Францад хууль ёсны дагуу ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол татвар төлөхгүй амар тайван байж, унтаж болох ч мэдээж, таниас зохих ёсны татваруудыг төлүүлэх оролдлогуудыг хийдэг. Энэ улсад 2 төрлийн татварыг зайлшгүй төлнө.
Эхний удаад та нийгмийн татвар төлнө. Энэ төрлийн татварыг сар бүр таны цалингаас суутгаж авдаг. Гэхдээ тус нийгмийн халамжид зориулагдах татварт улсаас нөхөн төлбөр олгодог онцлогтой. Өөрөөр хэлбэл, та эмчид үзүүлсэн, эм тариа авсан, эмнэлэгт хэвтсэн, ажилгүй болсон тохиолдолд тэтгэмж хэлбэрээр нөхөн төлбөр олгогдоно гэсэн үг. Хэрэв та саятан биш бол нийгмийн татварын хэмжээ тань, бидний хэлж дадсан “бохир” цалингийн 18-20% байна.
Хоёр дахь удаад төлөх татвар тань бол тухайн жилийн нийт орлогын хэмжээнээс төлөх татвар юм. (imports) Үүнийг жилд нэг удаа, эсвэл магадгүй хангалттай олон удаа ч төлж болно.
Үүний учир нь мэдүүлгийн хуудсыг бөглөөд өөрийн харьяаллын татварын газарт хүргэж өгнө. Тус мэдүүлгийг өгөх сүүлийн хугацаа 3 сарын 24 . Энд нэг зүйлийг анхааруулахад, хэрэв та эхний жилдээ ажил хийж байгаа бөгөөд татвар хараахан төлөөгүй байгаа бол Та ӨӨРӨӨ татварын газарт очиж (“CENTRE DES IMPORTS”) татварын мэдүүлгийн хуудас авч болно. Эсвэл анх удаа татвар төлж байгаа тухай тэмдэглэгээ хийгээд тэдэнд илгээж болно.
Харин 2 дахь удаагаа буюу дараа дараагийн жилүүдэд жилийнхээ нийт орлогоос татвар төлөхдөө, орлогын татварыг 3 хувааж гүйцэтгэнэ.
- эхний удаа та өмнөх жилийн нийт орлогын 1/3-ээр татвар төлнө. Эсвэл нэгдүгээр сарын дунд буюу сүүл үед татварын албанаас ирүүлсэн захидалд таны төлөх ёстой татварын дүнг бичсэн байдаг. Орлогын татварыг хугацаанд нь төлөөгүй бол татварын нийт дүнгийн 10%-д торгууль оногдуулдаг.
- хоёр дахь удаа татвараа 5 сарын дунд үед төлдөг. Татварын байцаагчаас тооцооны хуудас 4 сарын дунд үед ирнэ.
- үлдсэн дүнг 9-р сард мэдүүлэг өгсөний дараа болон тухайн жилийн татварын тооцоо гарсан үед төлнө.
Татварын мэдүүлэх хуудсыг хугацаанаас нь саатуулсан тохиолдолд торгууль оногдуулна. Худал мэдүүлэг өгсөн бол мөн адил.
Мэдүүлэгт таны тухайн жилийн хугацаанд олсон бүх ашиг, цалин мөнгө, үл хөдлөх хөрөнгөөс олсон орлогыг тооцон, таны үл хөдлөх хөрөнгөөс татвар авч таны банкны данснаас хувь тогтоон төлүүлдэг байна.
Тухайлбал, Франц улсад сардаа 3400 еврогоос дээш буюу жилдээ 40000 орчим еврогоос илүү орлоготой байгаа гэр бүлийн хувьд гэхэд, ашгийн татвар хэдий хэмжээтэй төлөхөө мэдэхийг хүсвэл харьцуулах хүснэгтээс харах нь илүү хялбар, зөв баримжаалах боломжийг олгодог. Учир нь тус гэр бүл ганц бие юү, эсвэл хүүхэдтэй эсэхээс хамааран орлогын нийт хэмжээнд оногдуулах ашгийн татварыг шаталбараар тооцдог юм.
Өөрөөр хэлбэл, хэдий их орлоготой байна төдий их хэмжээний татвар төлнө, гэхдээ мэдээж тодорхой хязгаар хүртэл гэсэн Адам Смитийн зарчим мөрдөгддөг гэж болно.
Ашгийн татварыг тооцох шаталбарын тухайд жишээн дээр тайлбарлавал, Та жилдээ 40000 еврогийн орлоготой буюу нийгмийн халамжийн татварт сар бүр тус орлогоосоо 18.5%-ийг төлөөд 32600 евро үлдсэн гэвэл
-ганц бие хүний хувьд 12,6%, хүүхэдгүй 2-уулаа амьдардаг гэр бүлийн хувьд 5.98% байдаг. Өөрөөр хэлбэл, гэр бүл бологсод ганц бие хүнээс 2 дахин бага ашгийн татвар төлдөг онцлогтой. Харин 1 хүүхэдтэй буюу 3 ам бүлтэй бол бүр ч бага буюу 3.9%-ийн татвар өгнө.
Харьцуулах хүснэгтэд зааснаар, бусад гэр бүлүүд жилдээ 40000 еврогоос их орлоготой, эсвэл орлогын нийт хэмжээ 1000 еврогоор нэмэгдэх бүрт ашгийн татвар 0.19-0.4%-р нэмэгдэж байгаа нь ажиглагдана. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр ашгийн татвар ганц бие маш их орлоготой хүнд ноогдох нь ээ.

Иймд Жилийн орлогын хэмжээг яаж бууруулж болох вэ? гэсэн асуултанд тохирохоор хууль ёсны маш олон хувилбар байдаг. Гэхдээ эдгээр нь таны хувьд хэрэгжих боломжтой юу, үгүй юү гэдгээ сайтар тунгаах хэрэгтэй. Ингээд дараахь хувилбаруудыг санал болгоё.

Хувилбар 1. Нөхөрт гарах буюу эхнэр авах.
Гэр бүл бологсдын хувьд, орлогын дундаж хэмжээнээс татварыг төлнө. Өөрөөр хэлбэл, та жилд 30.000 евро орлоготой, харин таны эхнэр ямар ч орлогогүй бол таны орлогын гэр бүлийн гишүүдэд оногдох хувь нь 15.000 евро. Иймээс таны төлөх ёстой татварын хэмжээг энэ дүнгээс тооцно.
Энэ хувилбарыг таны гэр бүлийн байдал албан ёсоор бүртгүүлсэн нөхцөлд хэрэглэх боломжтой. Хэрэв та зүгээр л хэн нэгэнтэй хамтран амьдарч байвал энэ хувилбар таньд үйлчлэхгүй, францын татварын албанд энэ нь мэдээж сонирхолтой биш.
Ер нь Та аж ахуйтай байж болно, хүүхэд төрүүлж ч болно, гэхдээ татварыг зайлшгүй төлөх ёстой байдаг. Хэрэв “харилцаагаа бүртгүүлье” гэж бодож байгаа бол үүнийг хийх хамгийн тохиромжтой цаг нь зуны улирал байна. Зөвхөн шувууд дуулаад, нар гийдэг учраас биш, мөн таны татварын хэмжээг “хүртэл” ба “дараа” гэж хуваагдах учир тэр. Өөрөөр хэлбэл, энэ жилийн татварыг та хувааж төлнө гэсэн үг: эхлээд ашгийн тухай хувийн мэдэгдэл буюу таны гэр бүл болохоос өмнөх үеийн тооцоо, харин дараа нь хамтарсан мэдүүлэг дээр үндэслэн татварыг тооцно. Ингэхэд гайхалтай гэж болохоор үнэнийг сонирхуулахад эхнэртэй болно гэдэг эдийн засгийн талаас маш ашигтай болох нь харагдана.

Хувилбар 2. Хүүхдүүд. Хэрэв та хүүхэдтэй болохоор шийдсэн бол та илүү бага татвар төлнө. Хүүхэд тус бүрт 18 нас хүрээгүй бол гэр бүлийн гишүүдийн тоогоор 1/2 хүнээр тооцдог. Гурав дахь хүүхдээс эхлэн нэг хүнээр тооцно. Үүнээс гадна хэрэв та өөрийн хүүхдийн боловсролд зориулан төлбөр хийдэг бол (коллеж, их сургууль, ерөнхий боловсролын сургууль), энэ тухай мэдээллийг мэдүүлэгт оруулж болно.

Хувилбар 3. Хэрэв эцэг эх тань таньтай хамт амьдардаг бөгөөд тэд орлогогүй бол гэр бүлийн гишүүн тус бүрт жилийн орлогын хэмжээг 2.800 евро байхаар тооцоолно. Энэ тохиодолд зарлагын ямар ч нотлох баримт шаардлагагүй. Энэ хувилбарын сул тал нь хэрэв таны эцэг эх Франц улсын харьяат биш бол хэрхэх нь эргэлзээтэй байдаг.

Хувилбар 4. Эцэг эхдээ туслалцаа дэмжлэг үзүүлэх буюу Та өөрийн орлогын тодорхой хувийг эцэг эхдээ зориулдаг гэж мэдэгдэж болно. Гэхдээ мэдүүлэг өгсөн дүн таны орлогын дүнгээс хасагдаж таны эцэг эхийн орлогын дүнд нэмэгдэж тооцогдоно. Иймээс тэд тухайн орлогын нийт дүнгээс татвар төлнө гэсэн үг. Татварын алба эдгээр төрлийн зарлагад нотлох баримт шаардана. Үүнд банкны баримт эсвэл шуудангаар илгээсэн баримт багтана. Үүнээс гадна энэ нь Францад байхгүй байгаа болон Францад татвар төлдөггүй эцэг эхийн хувьд ойлгомжгүй зүйл болдог.

Хувилбар 5: Мэргэжлийн үйл ажиллагааны зарлагын мэдүүлэг хэлбэрээр жилийн орлогынхоо хэмжээг бууруулж болно.
Та орлогынхоо тодорхой хэмжээг таны ажил мэргэжилтэй холбоотой зарлага болгон тодорхойлно гэсэн үг. Энэ нь таны жилийн нийт орлогын 10%-аас давж байгаа тохиолдолд хийх нь зөв .
Эдгээр төрлийн зарлагад хэрэв та өөрийн машин тэрэг ашигладаг бол тээврийн зардал, мөн өдрийн хоолны зардал, тусгай хамгаалалтын ажлын хувцас, сургалт болон гэрчилгээ авах шалгалт, багаж хэрэгсэл худалдан авах, түүнчлэн хөрөнгийн элэгдлийг тооцон оруулж болно. Мэдээж, эдгээр зарлагаа баримтжуулж нотлоно гэдэгт бэлэн байх хэрэгтэй.
Хувилбар 6: Та өөрийн орлогын дүнгээс 470 евро хүртэлх дүнг буяны үйлсэд зарцуулсан гэж тодорхойлох боломжтой. Энэ тухай нотлох баримтаа заавал хадгалах хэрэгтэй. Хэрэв та өөрийн орлогын хэмжээг бага зэрэг нэмэгдүүлж, дараагийн татварын өөр ангилалд орсон цагт буяны үйлс хийх нь утгатай байдаг. Энэ тохиолдолд Буяны үйлсэд зориулаагүй гэдгээр та татварын хэмжээг тооцоолж үзээд шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж зөвлөе.
Франц улсад нийгмийн болон ашгийн татвараас гадна Амьжиргааны татвар буюу тухайн амьдарч буй хот, суурин газрын төсөвт төлдөг татварын бас нэг төрөл зүйл бий. Энэ төрлийн татварын хэмжээ оршин сууж байгаа газар, таны амьдарч буй орон байрын тав тухтай нөхцөл, мөн хэдэн хүнтэй хамт амьдардгаас ихээхэн шалтгаална. Түүний хэмжээ Париж хотод илүү өндөр, хотын захад арай бага байх нь ойлгомжтой.
орлоо.инфо

Aucun commentaire:

Enregistrer un commentaire