samedi 28 août 2010

Хуулийн төслийг Парламентын хоёр тэнхим хамтран гаргадаг

Хууль тогтоох дээд байгууллага болох Парламент нь Үндэсний чуулган ба Сенат гэсэн хоёр тэнхимээс бүрдэнэ. Үндэсний чуулганы 577 гишүүд нь бүх нийтийн санал асуулгаар 5 жилийн хугацаатай сонгогддог бол Сенатын тэнхмийн 319 сенаторуудыг 9 жилийн хугацаатай сонгоно.
Мөн түүнчлэн 3 жилд нэг удаа Сенатын бүрэлдэхүүн хэсгийн гуравны нэг хэсгийг шинэчилдэг байна. Сенаторуудыг Үндэсний чуулганы гишүүд, Мужийн төлөөлөгчид болон хотын зөвлөлийн төлөөлөгч гишүүдээс бүрдсэн сонгогчдын хамт олны дундаас сонгоно.

Үндэсний чуулган дахь 577 суудлын 555 суудал нь эх газрын Францад ноогдож, 16 нь - далайн чанадын муж, 5 нь - далайн нутаг дэвсгэр болон 1 нь - Майотта (Маоре) аралд оногддог.
Сонгуулийн тогтолцоог хэд хэдэн удаа авч хэлэлцсэн байдаг. 1986 онд парламентын сонгуулийг харьцуулсан тэгш эрхт төлөөллийн зарчмаар явуулсан; сонгуулийн тойрог тус бүр тухайн тойрогт өгөгдсөн саналын эзлэх хувиар ойролцоо харьцаатай байхаар тооцоолон үндсэн намуудаас нэр дэвшүүлсэн таван гишүүдийг сонгосон байна. Эдгээр сонгуулийн дараа тогтолцоог дахин өөрчилж нэг мандаттай тойрогт дийлэнхи олонхийн саналыг үндэслэн сонгох явдлыг урьдчилан харахын тулд дахин өөрчилжээ.

Тэнхим тус бүрт 6 байнгын хороо ажиллана. Эдгээр хороо дэд хороогоор дамжин үйл ажиллагаагаа явуулдаг. Хорооны болон дэд хорооны эрх мэдэл 3 дахь, 4 дэх Бүгд найрамдах улсын үед өргөн хэмжээнд байсан бол одоо цагт харьцангуй хязгаарлагдмал болжээ.
Үндсэн хуулинд Парламент жилд хоёр удаа чуулга уулзалт хуран чуулахаар заасан байдаг. Тэдгээрийн эхнийх нь 10 сарын эхэн үеэс 12 дугаар сарын хоёр дугаар хагас хүртэл үргэлжлэх ба хоёрдугаарх нь дөрөвдүгээр сард эхэлж 3 сараас дээш хугацаанд үргэлжлэх боломжгүй байдаг.
Ерөнхий сайдын хүсэлтээр эсвэл Үндэсний чуулганы дийлэнх гишүүдийн хүсэлтээр ээлжит бус чуулганыг хэзээ ч зарлан хуралдуулж болно. Хуулийн төслийг хоёр тэнхим хамтран гаргаад дараа нь Ерөнхийлөгч гарын үсэг зурж хууль болгон баталдаг (хэрэв тухайн хуульд түр зуурын хориг тавихгүй бол).

Харин хоёр тэнхим хуулийн төслийг хүлээн авахгүй тохиолдолд тухайн төслийг дахин хэлэлцүүлэгт оруулах хэрэгтэй болно. Хэрэв үүний дараа хүлээн зөвшөөрөгдөхгүй бол Ерөнхий сайд хоёр тэнхимийн адил тооны гишүүдээс бүрдсэн хорооны хурал зарлах тухай шаардаж болно. Нэмэлт өөрчлөлт эсвэл засвар орсон хуулийн төслийн саналыг энэхүү хурлаар хэлэлцэж хоёр тэнхимийн дэмжлэг авах зорилгоор дахин Засгийн газарт танилцуулна. Хэрэв хурлын явцад зөвшилцөлд хүрч чадаагүй бол тухайн хуулийн санал эсвэл тус саналд хийсэн нэмэлт өөрчлөлт эсвэл засварын хамт гурав дахь хэлэлцүүлэгт оруулахаар хоёр тэнхимд хүргүүлнэ. Үүний дараа ч мөн адил зөвшилцөлд хүрч чадахгүй бол Сайд нарын зөвлөл Үндэсний чуулганд хандаж эцэслэн шийдвэрлэх хүсэлт гаргаж болдог байна. орлоо.инфо

Дэлгэрэнгүй...

Францын Ерөнхийлөгч төрийн байгууллын шинж төрхийг өөрчлөх эрх эдэлдэг

Бүгд Найрамдах Франц улс нь хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс бөгөөд Хууль тогтоох, Гүйцэтгэх болон Шүүх засаглал нь нэгдмэл үйл ажиллагаа явуулдгаараа төрийн байгууламжийн тогтолцоо нь онцлог юм.
Түүхийг сөхөн харвал, Генерал Шарль де Голлийн удирдлаган дор тав дахь Бүгд Найрамдах улсын үед одоогийн Үндсэн хууль боловсруулагдаж, эх газрын Франц болон түүний далайн эрэг орчмын нутаг дэвсгэр даяар бүх ард түмний дунд санал хураалт явуулжээ. Ийнхүү 1958 оны 9 сарын 28-ны өдөр явагдсан уг санал хураалтаар, нийт иргэдийн 82.5% нь дэмжснээр БНФУ-ын Үндсэн хууль батлагджээ.

Өнөөгийн Үндсэн хууль тухайн үед нэгэн зэрэг Дөрөв дэх төрийн (1946-1958) Парламентын дэглэмийн хэлэлцүүлгийн хэлбэрийг тодорхойлсон юм. Мөн 1962 оны 10 сарын 28-ны өдөр болсон бүх ард түмний санал хураалтаар тус Үндсэн хуульд оруулах өөрчлөлт дэмжигдэж, улсын Ерөнхийлөгчийг сонгогчдын хорооноос бус нийтийн шууд санал асуулгаар сонгохоор тогтжээ.

Ерөнхийлөгч ба Гүйцэтгэх засаглал:
Үндсэн хуульд тодорхойлсноор Франц улсын Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн юм. Түүнийг 5 жилийн хугацаатайгаар сонгодог. Одоогийн Ерөнхийлөгч Николас Саркози (Nicolas Sarkozy) сонгуулийн эхний шатанд, олон урьгалч 12 намаас нэр дэвшсэн өрсөлдөгчдөөсөө 31,18%-ийн санал авч тэргүүлж, хоёр дахь шатандаа 53,06%-ийн саналаар ялалт байгуулан БНФУ-ын 17 дахь Ерөнхийлөгчийн эрх үүргийг 2007 оны 5 сарын 16-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж байна.
Тэрээр 1955 онд төрсөн бөгөөд Олон нийтийн хөдөлгөөний нэгдэл хэмээх төв болон барууны чиглэлтэй намыг удирдаж байсан, 2002 оноос хойш Засгийн газрын гишүүнээр ажиллаж, Францын санхүү эдийн засаг, хууль эрх зүй, гадаад бодлогод үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн лидер юм.
Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд болон бусад сайд нарыг томилохоос гадна Сайд нарын тэнхмийн хуралдааныг удирдан явуулдаг. Сайд нарын тэнхмийн зөвшөөрлөөр Ерөнхийлөгч төрийн байгууллын шинж төрхийг өөрчилж болох ямар ч гэрээ хэлэлцээр буюу хуулийг бүх ард түмний санал асуулгад оруулж хэлэлцүүлэх эрх эдэлнэ. Гэхдээ энэхүү эрхийг Тав дахь Төрийн анхны Ерөнхийлөгч, үндэслэн байгуулагч Шарль де Голль ч эдэлж үзээгүй юм.

Ерөнхийлөгч Парламентын доод тэнхим болох Үндэсний чуулганыг тараах эрхтэй ба шинэ сонгуулийг товлон зарлах эрх эдэлнэ. Дахин сонгогдсон Үндэсний чуулганыг сонгууль явагдсанаас хойш нэг жилийн дотор дахин тарааж болохгүй. Үндсэн хуулийн 16 дахь зүйлд заасны дагуу Ерөнхийлөгчид онцгой байдал тогтоож, бүх эрх мэдлийг гартаа авах боломж олгосон байдаг. Үндэсний чуулганыг энэ хугацаанд татан буулгаж болохгүй.

Ерөнхий сайд болон Сайд нарын тэнхим Парламентын өмнө хариуцлага хүлээнэ. Хэрэв Ерөнхий сайд өөрийн зүгээс итгэл өгөх, эс өгөх асуудал гарах эсвэл Парламентаас гарсан тогтоол эсэргүүцэлтэй тулгарсан нөхцлөөр гишүүдийн тодорхой хувийн санал цуглагдвал Засгийн газар огцрох ёстой болдог. Үндсэн хуулийн дагуу сайд нар нэгэн зэрэг Парламентын гишүүн байх боломжгүй. Сайд нарын тэнхим өөрийн үйл ажиллагаанд бүрэн хариуцлага хүлээн ажилладаг.

Төрийн дээд албан тушаалтнууд, Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчийн санал болгон нэр дэвшүүлсний дагуу томилдог. Эрхзүйн хүрээнд гүйцэтгэх засаглалын гол асуудал болох Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд хоорондын харилцааг Үндсэн хуулиар тодорхойлоогүй байдаг.
Ерөнхийлөгч хувийн нэр хүндтэй төдийгүй Парламентын дийлэнхи олны зүгээс мэдэгдэхүйц дэмжлэг авдаг бол Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчийн орлогч байж болно. (тухайлбал, де Голля Ерөнхийлөгч байх үед болон Франсуа Миттеран Ерөнхийлөгч байсан эхний 5 жилийн хугацаанд ийм үйл явдал давтагдсан)
Ерөнхийлөгчид ийм алдар нэр байхгүй бол Засгийн газар нь намуудын эвсэл холбоонд тулгуурлах ба уг эвсэл холбоонд Ерөнхийлөгчөөр удирдуулдаг нам ч мөн ордог. Энэ үед Ерөнхий сайд болон Ерөнхийлөгч тухайн эвсэлд хамтрагчид болон ажилладаг.

Ингэхдээ Ерөнхийлөгч Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээг хязгаарлах явдал байдаг. Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын харилцааны ийм хувилбар Жорж Помпиду (1969-1974) Ерөнхийлөгч байх үед болон Валери Жискар д’Эстены үед (1974-1981) байсан. Гэвч Парламентын дийлэнх олон байгаа нөхцөлд Ерөнхийлөгчийн намд сөрөг үзэлтэй нам эвсэл, тухайлбал, 1986 болон 1993 оны сонгуулийн дараа үетэй адил сөрөг үзэл бодол баримталж буй Ерөнхий сайд үндсэндээ Засгийн газрын гадаад ба дотоод бодлогыг тодорхойлно.

Ерөнхийлөгчийн санал болгосноор Ерөнхий сайдыг үүргийг Франсуа Фийон 2007 оны 5 сарын 17-ны өдрөөс хойш хэрэгжүүлж байна. Улмаар 6 сарын 18-нд Ерөнхий сайдын удирдлага дор ажиллах хоёр дахь Засгийн газраа байгуулж, төрийн албан хаагчийн хашир туршлагатай улс төрч тэрбээр үүрэгт ажилдаа оржээ. орлоо.инфо

Дэлгэрэнгүй...

2015 онд Францын хүн ам 62 саяд хүрнэ гэж тооцоолжээ

17-р зууны сүүл үеэс 19-р зууны эхэн үе хүртэл Франц нь дэлхийн хамгийн хүчирхэг орнуудын тоонд тооцогдож байв. Учир нь 18, 19-р зуунд Франц нь баруун Африк, зүүн өмнөд Азиар үргэлжилсэн, маш том колонийн гүрнийг бүтээж чадсан бөгөөд тухайн орнуудын соёл урлаг, улс төрд ихээхэн нөлөөлжээ.
Франц нь Европын холбоог анх үүсгэн байгуулсан орнуудын нэг бөгөөд гишүүн орнуудаас хамгийн их нутаг дэвсгэртэй юм. Өөрөөр хэлбэл, 1957 оны 3 сарын 25-ны өдрөөс хойш өнөөгийн Европын Холбоонд голлох үүрэгтэйгээр оролцож ирлээ.
Мөн НҮБ-ыг байгуулалцсан бөгөөд Франкониофи, Их Найм, Латин холбоо зэрэг байгууллагуудын гишүүн. Үүнээс гадна НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд цөмийн зэвсэгтэй орон юм.
Франц улс өнөөгийн байдлаар, газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 40-рт, хүн амынхаа тоогоор 20-рт орж байна.

Газар зүйн байрлал:
Бүгд Найрамдах Франц Улс нь Баруун Европд орших улс юм. Европ дахь эх газрын Францаас гадна бусад тивүүд, арлуудад газар нутагтай. Эх газрын Франц нь Газар дундын тэнгисээс Английн суваг, Хойд тэнгис хүртэл, Рейн мөрнөөс Атлантын далай хүртэл тус тус үргэлжилнэ. Францчууд өөрсдийн улсаа геометрийн дүрсээс нь шалгаалж L’Hexagone буюу "6 өнцөгт" хэмээн нэрлэх нь олонтаа.
Эх газрын Франц нь Бельги, Люксембург, Герман, Швейцари, Итали, Монако, Андорра, Испани улсуудтай хиллэдэг. Мөн Францын газар нутаг болох Франц Гвиана нь Бразил, Суринам улсуудтай, Сэйнт-Мартин нь Нидерландын Антилийн арлуудтай тус тус хил залгана. Английн суваг доорх Чаннель туннелаар (Channel Tunnel) Их Британитай залгадаг онцлогтой.

Уур амьсгал:
Францын баруун хэсэгт далайн, өмнө зүгт газар дундын тэнгисийн, төв ба зүүн хэсгээрээ эх газрын уур амьсгалтай. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд тал хээрийн цаг уур зонхилж, өөр өөр цаг агаарын темпратур хосолдог.

Газрын дундад тэнгисийн нөлөөгөөр эрэг дагуу орших 160 км өргөн Францын өмнөд хэсэгт өвлийн улирал зөөлөн болж, хур тунадас ихээр ордог бол зун нь халуун хуурай болдог. Тухайлбал, Марсельд 1-р сарын дундаж темпратур 7 градус, харин 6-р сард 22 градус байна. Заримдаа 38 градус хүрэх тохиолдол ч бий. Жилийн 95 өдөр хур тунадас орж, дунджаар 580 м хур тунадас буудаг. Харин Мистральд Газрын дундад тэнгисийн хүйтэн уур амьгал тээгдэн ирж, ялангуяа өвлийн улиралд хойноос хүйтэн салхи ихээр үлээдэг байна.

Хүн ам:
Урьдчилсан төлөвөөр, 2015 он гэхэд Францын хүн ам 62 саяд хүрнэ гэсэн тооцоог 2006 онд гаргасан боловч 2008 оны 1 сарын байдлаар Франц улс 63,753,000 хүн амтай байгаагаас эх газрын Францад 61,875,000 хүн оршин сууж байна. Нийт шинээр мэндэлж байгаа хүүхдүүдийн 10 орчим нь хувь нь гадаадын иргэдийнх байдаг.
Мөн хүн амын нягтшил 1 км.кв. газарт 114 хүн оногдож байгаа гэсэн үзүүлэлтээрээ дэлхийд 89-рт орж байна.

Хүн амын 4/5 нь католик шашныг шүтэж, 1/4 нь сүм дуганд тогтмол очдог гэж үздэг. Өөрөөр хэлбэл, католик шашинтан 85%, муслимууд 10%, үнэн алдартны шашинтнууд 2%-ийг эзэлж байна.
Франц улсад 0,5 сая гаруй оршин суугчидтай 52 томоохон хот суурин газар бий. Хамгийн олон оршин суугчидтай хот(2000 оны байдлаар)-оор нийслэл Парис хот 9,8 саятайгаар тэргүүлдэг. Бусад том хотууд болох
• Лион, 1,4 сая
• Марсель, 1,4 сая
• Лилль, 1,1 сая
• Түлүз, 0,9 сая хүн амтай юм.

Улсын албан ёсны хэл нь Франц хэл, гэвч тус улсын зарим газарт нутгийн иргэд өөрсдийн уугуул хэлээр харилцдаг. Мэдээж Та англи хэлтэй бол үйлчилгээний газруудаар үйлчлүүлж зочид буудлын захиалга өгөх, тооцоо хийх, тээврийн хэрэгслийн тасалбар авах, газар зүг чигээ олох гэсэн хамгийн энгийн хэрэглээгээ бүрдүүлж чадна. Өнөөдөр уянгалаг сайхан аялгуугаараа бусдаас ялгарах Франц хэлийг дэлхийн 55 оронд хэрэглэж байна.

Дэлгэрэнгүй...

Францын уламжлалт хөдөө аж ахуй, орчин цагийн хот суурин зэрэгцэн оршино

Францын газрын гадаргын гуравны хоёрыг тэгш тал эзэлдэг. Үлдэх хэсэгт Альпийн нуруу (Баруун Европын хамгийн том нуруу), Пиренейн уулс, Юра, Төв өндөрлөг, Восжийн толгод зэрэг уул нурууд оршино. Ла Манш, Хойд тэнгис, Атлантын далай, Газар дундын тэнгисээр далайд 4 гарцтай орон бөгөөд нийт 5500 км-д эрэг хавийн газар нутаг үргэлжилнэ. Байгалийн гайхамшигт зохидолгоо бүхий далайн энэ эрэг хавиас 389 газрыг төрөөс хамгаалалтандаа авчээ.

Мөн газар нутгийн 7%-тай тэнцэх хэмжээний талбай бүхий 35 газрыг дархан цаазалж, бусад хүрээлэн байгаа орчинг хамгаалахад нийт 22,1 тэрбум еврог зарцуулсан байна. Үүнд оршин суугч бүрээс 378 евро буюу 2480 франк гаргаж дэмжсэн нь маш сайшаалтай. Засгийн газраас нийт улсын төсвийн дөрөвний гурвыг бохир ус, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зарцуулдаг гэсэн тооцоо ч бий.
Хүрээлэн байгаа орчин хөдөө аж ахуй ба ойн үйлдвэрийн 48 сая га талбайгаас 82% нь томоохон хотуудад бий. Өөрөөр хэлбэл, далай, эх газрын уулс, тал, үзэсгэлэнт байгаль, уламжлалт хөдөө аж ахуй, орчин цагийн хот суурин зэрэгцэн оршино.

Өнөөдөр үүнийг батлах мэт дэлхийд өндөр хөгжилтэй, хүнлэг энэрэнгүй нийгэмтэй Франц улсыг зорих гадаадын жуулчид, цагаач иргэд сая саяараа тоологдоно. Тухайлбал, зөвхөн бизнес зорилгоор гэхэд, 24 цагаас дээш хугацаатайгаар жилд ирсэн 82 сая гадны жуулчдын тоогоороо дэлхийд тэргүүлж байна.

Үнэхээр ч “Франц” хэмээн төсөөлөн бодонгуут, эртнээс улбаатай далайн тээвэр, түүгээр тээвэрлэх маш олон тооны торхтой дарснууд нүдэнд тань үзэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөг хүртэл уламжлалаа хадгалан зүй зохистой ашиглаж хамгаалж ирсэн байгаль экологийн таатай энэ бүсэд тариалж байгаа түүхий эд, тариаланчдын ахуй, дарсны боловсруулалт, хадгалалт, орчин цагийн дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй байгаа дэлхийд нэртэй брэндүүдийг биеэр үзэхээр аялал зохион байгуулагчид нэлээдгүй хувийг эзэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Тэд ихэвчлэн жил бүрийн жуулчлалын улиралд буюу 6,7 саруудад зохион байгуулагддаг виноны фестивалийг зорих нь олонтаа.

Тухайлбал, 2008 оны 6 сарын 26-29-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Францын алдартай брэнд БОРДО-гийн баяр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн ажил хэрэгч хүмүүс, жуулчид, дотоодын оршин суугчид болон тус үзэсгэлэн фестивальд оролцох олон улсын виноны мэргэжилтнүүд, хорхойтнуудаар дүүрэн байлаа. Жил бүр уламжлал болж буй Бордо-гийн баяр нь дарсны зах зээл дээр хүчээ үзэгчид хоорондоо туршлага солилцох, худалдаа борлуулалтаа өргөжүүлэх, үзэсгэлэн худалдаанд оролцогчдод амталгаа хийлгэж бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгохын хажуугаар дуу хөгжим, баяр цэнгэл тасардаггүй томоохон хэмжээний олон улсын баяр наадам юм. Та энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://www.bordeaux-fete-le-vin.com/ru/programme/index.html гэсэн вэбхуудсаар нэвтэрч орос хэлнээс сонирхох буюу өөрийн сайн мэддэг англи, франц гээд өөр хэл дээр өөрчилж үзээрэй. Таны бизнес аялалд санаа төрүүлэхүйц олон зүйлсийг эндээс олж харна гэдэгт итгэлтэй байна.

Мөн Францын газар нутаг бүрээр нэрлэгдсэн Францын нэрийн хуудас гэж болох дарсны унаган нутгуудаар аялахыг хүсвэл
http://us.franceguide.com/what-to-do/wine-and-cuisine/vineyard-map/home.html?NodeID=248 вэбхуудсаар нэвтрэн аяллын маршрутаа гарган төлөвлөгөөгөө хямд төсөр, ая тухтай, зорилготой, цаг хугацаатай болгох буюу очих газартаа ойр нутгийг сонгож болно. Үүнд Та бидний сайн мэдэх дараахь газрууд багтана:

Alsace
Armagnac
Beaujolais
Bergerac
Bordeaux
Burgundy
Champagne
Cognac and Pineau
Corsica
Jura
Languedoc
Provence
Roussillon
Savoie
South West
Loire Valley
Rhone Valley

Ийнхүү Францын үзэсгэлэн төгөлдөрийг түүний байгаль, үндэсний ёс заншил, орчин цагийн төрхөөр нь сонжин эх дэлхийгээ хамгаалах, байгальтайгаа харьцах, уламжлалаа хадгалахад иргэн бүр оролцдог энэ ард түмнээс суралцахаар Францыг зорихдоо заавал үзэх хот, газрууддаа “Дарсны унаган нутаг”-уудыг оруулж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбар дахь тэргүүлэх зэргийн технологиос суралцаарай гэж зөвлөе. орлоо.инфо

Дэлгэрэнгүй...

Бараа эргэлтийн жилийн 76000 евро хүртэлх дүнд татвар ноогдуулахгүй

Францын компани, аж ахуйн нэгж байгууллага буюу хуулийн этгээдэд оногдуулах татварын талаар танилцуулья.

1-рт, Францын нутаг дэвсгэр дээр оршин үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд худалдааны болон үйлдвэрлэлийн татвар ноогдуулдаг. Энэ нь түүний олсон ашгийн хэмжээнээс ихээхэн хамаарна. Мөн гэр бүлийн ажил эрхэлдэггүй гишүүдийн тооноос хамаарч ч болно. Тухайлбал, ХХК-ний хувьд зөвхөн үүсгэн байгуулагчийн өөрийнх нь эзэмших хувиас тооцдог.


2-рт, Бараа эргэлтийн жилийн дүнгээс шатлалын дагуу жилийн татвар тооцно. Тухайлбал, 76000 ЕВРО хүртэл - 0,
76000 -149999 ЕВРО - 750 ЕВРО, 150000 - 299999 ЕВРО - 1125 ЕВРО гэх мэтчилэн тогтоосон хатуу хэмжээгээр татвар оногдуулна.

3-рт, Францад олсон ашиг орлогоос Нийгмийн татвар тооцно. Ноогдуулалтын хэмжээ: 38120 ЕВРО-д гэхэд 15% байна.

4-рт, Нэмүү өртгийн татвар –НӨТ 19.6% байна. Гэхдээ хоол хүнсний бүтээгдэхүүнд - 5,5%, Эм тарианд - 2,1% байдаг.

5-рт, Үл хөдлөх хөрөнгийн эзнээс төлөгддөг байрны түрээсийн татвар. Энэ нь тус байрны байршлаас хамаарч, нэг кв.м нь 3.20 – 11.30 ЕВРОгийн хооронд хэлбэлзэнэ.

6-рт, Газар эзэмшлийн болон тухайн газарт барьсан барилгад ноогдуулах татвар. Тус татварын хэмжээг орон нутгийн чухал нэгж болох коммун нэгдэл тодорхойлно. Жнь, Парижийн 1-р бүст – 7.989% байдаг, үүний 7.11% нь коммун нэгдлийн, 0.879% нь бүс нутгийн хураамж байна.

Татвар ноогдуулах суурь хэмжээ жилийн түрээсийн нийт төлбөрийн 50% байх бөгөөд онолын хувьд эзэмшигчээс тооцон авдаг. Түрээсийн төлбөрийн хэмжээг кадастрын алба тогтооно.

7-рт, Газар эзэмшлийн буюу барилга баригдаагүй газарт ноогдуулах татвар. Энэхүү татварын хэмжээг мөн л коммун нэгдэл тодорхойлно. Парижийн 1-р бүст гэхэд – 15% байдгаас 13.5% нь коммун нэгдлийн, 1.5% нь бүс нутгийн хураамж юм.

8-рт, НӨТ төлдөггүй ажил олгогчоос төлөгдөх Цалин мөнгөнд ноогдуулах татвар гэж бий. Тус татварын хэмжээ өсөх үзүүлэлтээр 4.25% - 13.5%-ийн хооронд байна.
орлоо.инфо

Дэлгэрэнгүй...

Эхнэртэй болох, гэр бүлтэй байх гэдэг нь эдийн засгийн талаас маш ашигтай

Анхны мэдээлэл нэг иймэрхүү мэдээлэл тавьж байна. Эхэн үедээ хэрэгтэй мэдээлэл та бүхэндээ хүргэж чадахгүй бол хүлцэл өчий. Тиймээс энд тэндээс хэрэг болж магад гэсэн мэдээг нэг хэсэгтээ оруулах байх.
Франц улс өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй орон бөгөөд эдийн засаг нь номиналь ҮНБ-ний хэмжээгээрээ дэлхийд зургаад, худалдан авах чадварын паритетаар тооцсон ҮНБ-рээ наймдугаарт жагсдаг. Францын ажиллах хүчин 2007 оны 3-р улирлын байдлаар 27.929 сая байгаагаас үйлчилгээний салбарт 74.7%; аж үйлдвэр ба худалдаанд-22.0%; хөдөө аж ахуйд-3.2% нь ажил хөдөлмөр эрхэлж байна.
Ийнхүү та Францад хууль ёсны дагуу ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол татвар төлөхгүй амар тайван байж, унтаж болох ч мэдээж, таниас зохих ёсны татваруудыг төлүүлэх оролдлогуудыг хийдэг. Энэ улсад 2 төрлийн татварыг зайлшгүй төлнө.
Эхний удаад та нийгмийн татвар төлнө. Энэ төрлийн татварыг сар бүр таны цалингаас суутгаж авдаг. Гэхдээ тус нийгмийн халамжид зориулагдах татварт улсаас нөхөн төлбөр олгодог онцлогтой. Өөрөөр хэлбэл, та эмчид үзүүлсэн, эм тариа авсан, эмнэлэгт хэвтсэн, ажилгүй болсон тохиолдолд тэтгэмж хэлбэрээр нөхөн төлбөр олгогдоно гэсэн үг. Хэрэв та саятан биш бол нийгмийн татварын хэмжээ тань, бидний хэлж дадсан “бохир” цалингийн 18-20% байна.
Хоёр дахь удаад төлөх татвар тань бол тухайн жилийн нийт орлогын хэмжээнээс төлөх татвар юм. (imports) Үүнийг жилд нэг удаа, эсвэл магадгүй хангалттай олон удаа ч төлж болно.
Үүний учир нь мэдүүлгийн хуудсыг бөглөөд өөрийн харьяаллын татварын газарт хүргэж өгнө. Тус мэдүүлгийг өгөх сүүлийн хугацаа 3 сарын 24 . Энд нэг зүйлийг анхааруулахад, хэрэв та эхний жилдээ ажил хийж байгаа бөгөөд татвар хараахан төлөөгүй байгаа бол Та ӨӨРӨӨ татварын газарт очиж (“CENTRE DES IMPORTS”) татварын мэдүүлгийн хуудас авч болно. Эсвэл анх удаа татвар төлж байгаа тухай тэмдэглэгээ хийгээд тэдэнд илгээж болно.
Харин 2 дахь удаагаа буюу дараа дараагийн жилүүдэд жилийнхээ нийт орлогоос татвар төлөхдөө, орлогын татварыг 3 хувааж гүйцэтгэнэ.
- эхний удаа та өмнөх жилийн нийт орлогын 1/3-ээр татвар төлнө. Эсвэл нэгдүгээр сарын дунд буюу сүүл үед татварын албанаас ирүүлсэн захидалд таны төлөх ёстой татварын дүнг бичсэн байдаг. Орлогын татварыг хугацаанд нь төлөөгүй бол татварын нийт дүнгийн 10%-д торгууль оногдуулдаг.
- хоёр дахь удаа татвараа 5 сарын дунд үед төлдөг. Татварын байцаагчаас тооцооны хуудас 4 сарын дунд үед ирнэ.
- үлдсэн дүнг 9-р сард мэдүүлэг өгсөний дараа болон тухайн жилийн татварын тооцоо гарсан үед төлнө.
Татварын мэдүүлэх хуудсыг хугацаанаас нь саатуулсан тохиолдолд торгууль оногдуулна. Худал мэдүүлэг өгсөн бол мөн адил.
Мэдүүлэгт таны тухайн жилийн хугацаанд олсон бүх ашиг, цалин мөнгө, үл хөдлөх хөрөнгөөс олсон орлогыг тооцон, таны үл хөдлөх хөрөнгөөс татвар авч таны банкны данснаас хувь тогтоон төлүүлдэг байна.
Тухайлбал, Франц улсад сардаа 3400 еврогоос дээш буюу жилдээ 40000 орчим еврогоос илүү орлоготой байгаа гэр бүлийн хувьд гэхэд, ашгийн татвар хэдий хэмжээтэй төлөхөө мэдэхийг хүсвэл харьцуулах хүснэгтээс харах нь илүү хялбар, зөв баримжаалах боломжийг олгодог. Учир нь тус гэр бүл ганц бие юү, эсвэл хүүхэдтэй эсэхээс хамааран орлогын нийт хэмжээнд оногдуулах ашгийн татварыг шаталбараар тооцдог юм.
Өөрөөр хэлбэл, хэдий их орлоготой байна төдий их хэмжээний татвар төлнө, гэхдээ мэдээж тодорхой хязгаар хүртэл гэсэн Адам Смитийн зарчим мөрдөгддөг гэж болно.
Ашгийн татварыг тооцох шаталбарын тухайд жишээн дээр тайлбарлавал, Та жилдээ 40000 еврогийн орлоготой буюу нийгмийн халамжийн татварт сар бүр тус орлогоосоо 18.5%-ийг төлөөд 32600 евро үлдсэн гэвэл
-ганц бие хүний хувьд 12,6%, хүүхэдгүй 2-уулаа амьдардаг гэр бүлийн хувьд 5.98% байдаг. Өөрөөр хэлбэл, гэр бүл бологсод ганц бие хүнээс 2 дахин бага ашгийн татвар төлдөг онцлогтой. Харин 1 хүүхэдтэй буюу 3 ам бүлтэй бол бүр ч бага буюу 3.9%-ийн татвар өгнө.
Харьцуулах хүснэгтэд зааснаар, бусад гэр бүлүүд жилдээ 40000 еврогоос их орлоготой, эсвэл орлогын нийт хэмжээ 1000 еврогоор нэмэгдэх бүрт ашгийн татвар 0.19-0.4%-р нэмэгдэж байгаа нь ажиглагдана. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр ашгийн татвар ганц бие маш их орлоготой хүнд ноогдох нь ээ.

Иймд Жилийн орлогын хэмжээг яаж бууруулж болох вэ? гэсэн асуултанд тохирохоор хууль ёсны маш олон хувилбар байдаг. Гэхдээ эдгээр нь таны хувьд хэрэгжих боломжтой юу, үгүй юү гэдгээ сайтар тунгаах хэрэгтэй. Ингээд дараахь хувилбаруудыг санал болгоё.

Хувилбар 1. Нөхөрт гарах буюу эхнэр авах.
Гэр бүл бологсдын хувьд, орлогын дундаж хэмжээнээс татварыг төлнө. Өөрөөр хэлбэл, та жилд 30.000 евро орлоготой, харин таны эхнэр ямар ч орлогогүй бол таны орлогын гэр бүлийн гишүүдэд оногдох хувь нь 15.000 евро. Иймээс таны төлөх ёстой татварын хэмжээг энэ дүнгээс тооцно.
Энэ хувилбарыг таны гэр бүлийн байдал албан ёсоор бүртгүүлсэн нөхцөлд хэрэглэх боломжтой. Хэрэв та зүгээр л хэн нэгэнтэй хамтран амьдарч байвал энэ хувилбар таньд үйлчлэхгүй, францын татварын албанд энэ нь мэдээж сонирхолтой биш.
Ер нь Та аж ахуйтай байж болно, хүүхэд төрүүлж ч болно, гэхдээ татварыг зайлшгүй төлөх ёстой байдаг. Хэрэв “харилцаагаа бүртгүүлье” гэж бодож байгаа бол үүнийг хийх хамгийн тохиромжтой цаг нь зуны улирал байна. Зөвхөн шувууд дуулаад, нар гийдэг учраас биш, мөн таны татварын хэмжээг “хүртэл” ба “дараа” гэж хуваагдах учир тэр. Өөрөөр хэлбэл, энэ жилийн татварыг та хувааж төлнө гэсэн үг: эхлээд ашгийн тухай хувийн мэдэгдэл буюу таны гэр бүл болохоос өмнөх үеийн тооцоо, харин дараа нь хамтарсан мэдүүлэг дээр үндэслэн татварыг тооцно. Ингэхэд гайхалтай гэж болохоор үнэнийг сонирхуулахад эхнэртэй болно гэдэг эдийн засгийн талаас маш ашигтай болох нь харагдана.

Хувилбар 2. Хүүхдүүд. Хэрэв та хүүхэдтэй болохоор шийдсэн бол та илүү бага татвар төлнө. Хүүхэд тус бүрт 18 нас хүрээгүй бол гэр бүлийн гишүүдийн тоогоор 1/2 хүнээр тооцдог. Гурав дахь хүүхдээс эхлэн нэг хүнээр тооцно. Үүнээс гадна хэрэв та өөрийн хүүхдийн боловсролд зориулан төлбөр хийдэг бол (коллеж, их сургууль, ерөнхий боловсролын сургууль), энэ тухай мэдээллийг мэдүүлэгт оруулж болно.

Хувилбар 3. Хэрэв эцэг эх тань таньтай хамт амьдардаг бөгөөд тэд орлогогүй бол гэр бүлийн гишүүн тус бүрт жилийн орлогын хэмжээг 2.800 евро байхаар тооцоолно. Энэ тохиодолд зарлагын ямар ч нотлох баримт шаардлагагүй. Энэ хувилбарын сул тал нь хэрэв таны эцэг эх Франц улсын харьяат биш бол хэрхэх нь эргэлзээтэй байдаг.

Хувилбар 4. Эцэг эхдээ туслалцаа дэмжлэг үзүүлэх буюу Та өөрийн орлогын тодорхой хувийг эцэг эхдээ зориулдаг гэж мэдэгдэж болно. Гэхдээ мэдүүлэг өгсөн дүн таны орлогын дүнгээс хасагдаж таны эцэг эхийн орлогын дүнд нэмэгдэж тооцогдоно. Иймээс тэд тухайн орлогын нийт дүнгээс татвар төлнө гэсэн үг. Татварын алба эдгээр төрлийн зарлагад нотлох баримт шаардана. Үүнд банкны баримт эсвэл шуудангаар илгээсэн баримт багтана. Үүнээс гадна энэ нь Францад байхгүй байгаа болон Францад татвар төлдөггүй эцэг эхийн хувьд ойлгомжгүй зүйл болдог.

Хувилбар 5: Мэргэжлийн үйл ажиллагааны зарлагын мэдүүлэг хэлбэрээр жилийн орлогынхоо хэмжээг бууруулж болно.
Та орлогынхоо тодорхой хэмжээг таны ажил мэргэжилтэй холбоотой зарлага болгон тодорхойлно гэсэн үг. Энэ нь таны жилийн нийт орлогын 10%-аас давж байгаа тохиолдолд хийх нь зөв .
Эдгээр төрлийн зарлагад хэрэв та өөрийн машин тэрэг ашигладаг бол тээврийн зардал, мөн өдрийн хоолны зардал, тусгай хамгаалалтын ажлын хувцас, сургалт болон гэрчилгээ авах шалгалт, багаж хэрэгсэл худалдан авах, түүнчлэн хөрөнгийн элэгдлийг тооцон оруулж болно. Мэдээж, эдгээр зарлагаа баримтжуулж нотлоно гэдэгт бэлэн байх хэрэгтэй.
Хувилбар 6: Та өөрийн орлогын дүнгээс 470 евро хүртэлх дүнг буяны үйлсэд зарцуулсан гэж тодорхойлох боломжтой. Энэ тухай нотлох баримтаа заавал хадгалах хэрэгтэй. Хэрэв та өөрийн орлогын хэмжээг бага зэрэг нэмэгдүүлж, дараагийн татварын өөр ангилалд орсон цагт буяны үйлс хийх нь утгатай байдаг. Энэ тохиолдолд Буяны үйлсэд зориулаагүй гэдгээр та татварын хэмжээг тооцоолж үзээд шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж зөвлөе.
Франц улсад нийгмийн болон ашгийн татвараас гадна Амьжиргааны татвар буюу тухайн амьдарч буй хот, суурин газрын төсөвт төлдөг татварын бас нэг төрөл зүйл бий. Энэ төрлийн татварын хэмжээ оршин сууж байгаа газар, таны амьдарч буй орон байрын тав тухтай нөхцөл, мөн хэдэн хүнтэй хамт амьдардгаас ихээхэн шалтгаална. Түүний хэмжээ Париж хотод илүү өндөр, хотын захад арай бага байх нь ойлгомжтой.
орлоо.инфо

Дэлгэрэнгүй...